
Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний аваргын төлөө тоглолт алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд боллоо. Аваргын төлөө “Челси”, “ Ливерпуль”-тэй тоглосон юм. Энэ тоглолтын 11 дэх минутад “Челси”-гийн Рамирес өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулснаар тооны харьцааг нээв. Улмаар Дрогба 52 дахь минутад тооны харьцааг 2:0 болголоо. Харин “Ливерпуль”-ийн Кэрролл 64 дэх минутад “Челси”-гийн хаалганд гоол оруулж тооны зөрүүг багасгасан ч үүний дараа “Челси” хамгаалалтын тал дээр алдаа гаргасангүй. Ингэснээр “Челси” өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж Английн хөлбөмбөгийн холбооны цомын эзэн болсон юм. Тэдний хувьд сүүлийн зургаан жилд дөрөв дэх удаагаа уг тэмцээний аварга болж байна.
“Челси”-гийнхэн 2007 онд “Манчестер Юнайтед”-ыг 1:0-ээр, 2009 онд “Эвертон”-ыг 2:1-ээр, 2010 онд “Портсмут”-ыг 1:0-ээр хожин тус тус Английн хөлбөмбөгийн холбооны цомын аварга болж байсан билээ. Хоёр жилийн өмнө тус клуб энэ цомыг премьер лигийн аваргын цомтой хамт хосоор нь хүртэж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Аваргуудын лигийн цомтой ихэрлүүлэх магадлал өндөр байна. Үүнийг энэ сарын 19-нд Мюнхен хотын “Аллианц Арена” цэнгэлдэхэд болох тоглолтоос харах үлдлээ. “Челси” ялбал 2008 онд Москвад бүдэрсэн алдаагаа засч анх удаа Аваргуудын лигийн аварга болох юм. Харин “Байерн Мюнхен” клуб хожвол тав дахь удаагаа лигийн аваргаар тодорно.