ФИФА-гаас Монголын хөлбөмбөгийн холб
оонд “Гоол” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. 2001 оноос эхэлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн төсөл хэрэгжүүлсэн байна. Анх 2002 онд хөлбөмбөгийн тэмцээн уралдаан явуулах зориулалтаар хиймэл зүлэг бүхий стандартын талбай байгуулав. Дараа нь үзэгчдийн суудал, тамирчдын хувцас солих өрөө, сургалтын танхим бүхий МХБХ-ны ажлын байрыг 2006 онд ашиглалтад хүлээж авсан юм. Улмаар энэ төслийн ачаар “Футзалын ордон”-той болоод удаагүй байгаа. Тэгвэл энэ удаа “Гоол 5” төслийн хүрээнд 5000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор барих ажлыг эхлүүлэхээр болжээ. Ингэхдээ 2002 онд ашиглалтад оруулсан хиймэл зүлэг бүхий ногоон талбайг дахин шинэчлэх юм байна. Барилгын ажлыг удахгүй Хятадын “Зун Шин”, мөн “Шинэ Төхөм” компаниуд эхлүүлэх ажээ.